Соёл эрдэм дээд сургууль мэдээлэл Хуудас 2

Нара хотын Хакухо коллеж
Японы их, дээд сургуулиас Хакухо коллежийг онцлох болсон нь учиртай. Дэлхийн 21 орноос ирж суралцаж байгаа дан охидын сургуульд манай монгол оюутнууд бий. Нара хот бол Япон улсын эртний нийслэл байсан. Японы эртний өв соёлыг хадгалсан түүхт их хот. Хамгийн томоохонд тооцогдох бурхан энд байдаг гэх бөгөөд үзэсгэлэнт байгалийг нь шагшдаг. Тус хотын Оожи дүүрэгт орших Хакухо коллежийн 10 жилийн ойн баяр тохиож гаднаас гийчид зочид уригдсаны дотор "Соёл Эрдэм" дээд сургуулийн захирал У.Соёлт, МУИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Н.Болд гэсэн цөөн хүн оролцож байв. Хөх өнгийн юбка, пиджакаар ижилссэн нэгнээсээ зүс ялгагдахгүй шахам охидын дунд монгол дээл, энэтхэгийн үндэсний хувцсаар гангарсан нь нүдэнд шууд тусаж байв. Нара хот, Оожи дүүргийн захирагч нарын хэлсэн үгнээс үзэхэд жил бүр 30-40 гадаад оюутанд тэтгэлэг олгодог аж. Үүнд монгол оюутнууд хамрагдаж чаддаг гэсэн. Энэ жил нийт гадаадын 85 оюутан суралцаж байгаагийн 10 нь монгол. Индонезиос ирсэн оюутан шиншяа хэмээх үндэсний бүжиг бүжиж олны нүдийг баясгасан. Дэлхийн өнцөг булан бүрээс эх орныхоо төлөөлөл болон ирсэн оюутнууд нэг талаар алхам тутамдаа сурталчлах болдог учраас авьяас төгөлдөр байх нь сайн үзүүлэлтийн тоонд орно. Хоёр жилийн хугацаатайгаар Хүмүүний ухааны факультетэд нь суралцаж буй монгол оюутнуудын дотуур байрыг сонирхон орж үзэв. Оюутны байрны ганц сарын төлбөр 350 мянган төгрөг орчим. Үүн дээр хоол ундаа зохицуулна гэхээр бас ч гэж чанга байгаа биз. Долоо хоногт 28 цагаас илүү ажиллах ёсгүй бөгөөд энэ цагтаа ч багтаж амжихгүйд хүрдэг гэж байв. Хичээлийн хуваариа өөрсдөө сонгодог. Өглөө 9 цагаас 3 цаг 40 минут хүртэл хичээлийн цаг. Өдэрт цагийн ажил хийдэг болохоор шөнө хичээлээ давтахад хүрдэг гэнэ. Цэцгийн дэлгүүрийн худалдагч, ресторанд зөөгч зэргийн ажил голцуу олдоно. Япон хэлний хичээлийг явуулахдаа тухайн оюутны түвшингээр нь А, В, С гэж гурав хуваана. Дүнгээ ахиулж А түвшинд хүрэх нь чухал. Сонирхуулахад Хакухо коллежийн хамгийн өндөр настай оюутан 45 настай индонези эмэгтэй.

No comments:

Post a Comment